ОХУ-ын өмчийн объектуудын талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-06 01:10:51

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий Консул А.Ц.Доржиев болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Өмч хөрөнгийн асуудал хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Дархан-Уул аймагт орших ОХУ-ын өмчийн объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинэчлэх, “Жигүүр” цогцолбор сургуулийн барилгын түрээс, газрын эзэмшил зэрэг асуудлын талаар ярилцлаа. Дархан сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах орон сууцны 3, 4 дүгээр байрыг ОХУ-аас Дархан хотын орон нутгийн эзэмшилд шилжүүлэх улмаар оршин суугчдад нь өмчлүүлэх тухай яригдсаар ирсэн ч үр дүнд хүрээгүй байсан юм . Харин энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь Өмч хөрөнгийн асуудал хариуцсан ажлын хэсэг эдгээр орон сууцыг орон нутгийн эзэмшилд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ сарын 16-18-ны өдрүүдэд тус аймагт ажиллахаар боллоо. Үүнээс гадна энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан сумын дөрөвдүгээр багт орших зургадугаар байрын сарын түрээс 50-70 мянган төгрөг боловч зорилтот бүлгийн иргэд ихээр оршин суудаг учир ус, цахилгаан, дулааны төлбөрийн өртэй болоод байгаа тухай учирлаад тус байрны түрээсийг хөнгөвчлөх, эсвэл хямд үнээр хувьчлах боломж байгаа эсэх талаар санал солилцсон юм. Оросын талаас тус байрны түрээс хамгийн хямдыг онцлоод ойрын үед уг байрыг хувьчлах боломжгүй гэлээ.

Мөн “Жигүүр цогцолбор” сургуулийн объектын түрээсийн төлбөрийг нэмсэнтэй холбоотойгоор түрээсийн зөрүү гарсан. Түрээс нэмэгдэх болсон шалтгааныг ОХУ-ын зүгээс тайлбарлахдаа:- “Жигүүр цогцолбор сургуулийн обьектыг түрээсийн үнийн дүнгээс хэд дахин илүү төлбөрөөр ОХУ-д даатгалд хамруулдаг. Иймд түрээсийг нэмэх шаардлагатай гэж үзэж зах зээлийн хамгийн хямд үнээр шийдвэр гаргасан” гэв. Энэ үеэр тус сургуулийн байрны 2016 оны түрээсийн гэрээний төслийг дээрх төлөөлөгчид аймгийн Засаг дарга А.Энхболдод хүлээлгэн өгсөн ч өмнөх оны түрээсийн зөрүүтэй асуудлыг холбогдох албаныхантай хэлэлцэж шийдвэрлэсний дараа уг гэрээг үзэглэхээ илэрхийллээ.

                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ