Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-27 12:25:58

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар нөхөн олговор авах эрхтэй хүмүүсийн тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Тус яамны хийсэн судалгаагаар, энэ оны гуравдугаар сард дуусгавар болсон өнгөрсөн оны санхүүгийн жилд 1055 хүн гүн стрессийн улмаас сэтгэл гутралтай, эсвэл бусад төрлийн сэтгэцийн өвчтэй болжээ. Эл үзүүлэлт өмнөх оныхоос 172-оор нэмэгдсэн байна. 


Ажлын шалтгаантай сэтгэцийн эмгэгийн тохиолдол мөн анх удаа мянгаас давснаар зургаа дахь жилдээ дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлд мөн амиа хорлолт болон амиа хорлох оролдлогын 88 тохиолдол багтсан нь өмнөх оныхоос есөөр илүү байгаа юм.


Ажлын стрессээс үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын хамгийн түгээмэл шалтгаан нь удирдах албан тушаалтнуудын зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдал байсан бөгөөд ийм тохиолдол 224 бүртгэгджээ. Үүний дараа түгээмэл шалтгаанууд нь  ажлын чиг үүрэг ба ачаалалд гарсан өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй тохиолдол /119/, мөн хүн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн зүгээс эрх зөрчсөн үйлдэлд өртсөн тохиолдол/108/ байсан бол 105 хүний хувьд ажлын байрны бэлгийн дарамт нь сэтгэцийн асуудал үүсэх гол шалтгаан болсон байна.



Холбоотой мэдээ