Мексикийн эрх баригчид цагаачдын цуваанаас хэдэн зуун хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-22 13:31:50
МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн эрх баригчид лхагва гарагт улсынхаа Чьяпас мужид цагаачдын ээлжит цуваанд нэгдсэн хүмүүсээс доод тал нь 600 хүнийг баривчилсан тухай телевизийн “Foro TV” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, цагаачид Мексикт үлдэх баримт бичиг хүсэхээс болон түр оршин суух эрх авахаас татгалзсаны дараа тус улсын Цагдаагийн болон Цагаачлалын үндэсний газрын ажилтнууд баривчилж эхэлсэн байна.

Сальвадор улсаас хөдөлсөн цагаачдын бас нэг цуваа лхагва гарагт Мексикийн нутаг дэвсгэрт хүрч, хил орчмын Сучиате голыг гаталсан тухай урьд нь мэдээлжээ. Уг цуваанд нийтдээ 250 орчим хүн нэгдсэн гэж тооцоолж байсан бөгөөд Мексикийн эрх баригчид чухам яаж 600 хүнийг баривчилсан нь тодорхойгүй байна. Энд цагаачдын өөр бусад цуваанд багтсан хүмүүсийн тухай яригдаж байгаа бололтой гэж “Foro TV” сувгаар мэдээлжээ.
Холбоотой мэдээ