Түүхэн дурсгалт газруудыг чулуугаар урлагч бүсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-24 23:01:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг бол аялал жуулчлалын гол бүс нутаг. Жуулчдын нүдийг хужирлаж, сайхан дурсамжаа эргэн санахад тухайн газар нутгийн бэлэг дурсгалын зүйлс хамгийн чухал. Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдог гээд бидний мэдэх түүхэн дурсгалуудыг бэлэг дурсгалын зүйл болгон улс даяар түгээж буй Алтангэрэлийн Пунсалдуламтай ярилцлаа.


- Пунсалдулам эгч маань ямар ямар бүтээлүүдийг хийдэг вэ?

- Дадал сумынхаа байгалийн үзэсгэлэнг харуулсан жааз, хөргөгчний наалт, аяга, эрэгтэй эмэгтэй хүний сүлд чулуу, ээлтэй чулуун түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт, гоёлын ээмэг, бугуйвч, утасны зүүлт, толгойн гоёл зэрэг зүйлсийг урлаж байна. Мөн гараар шүрэн цүнхнүүд хийдэг. Энэ цүнхээрээ 2009 онд Баянзүрх дүүргийн 45 жилийн ойгоор түрүүлж байсан. Мөн би нутгийнхаа онцлогийг харуулсан бүтээлүүдээр 2016 оны “Алтаргана” наадам, энэ жил мөн Иркутск хотод болсон Алтаргана наадамдаа очиж, оролцоод ирсэн.


- Таны бүтээлүүдийн онцлог нь юу вэ?

- Би нэрнийхээ товчлолоор логогоо хийж оюуны өмчийн газраар баталгаажуулсан. Бид бүтээлүүдийнхээ тайлбарыг англи, монгол хэлээр бичдэг. “Чулууны гайхамшиг” хэмээх ном бий. Тэрхүү номноос судалсны үндсэн дээр бэлэгдэл бүхий чулууг бүтээлүүддээ шигтгэж өгдөг. Хүний сонирхолд нийцсэн бүтээл, бүтээгдэхүүнийг хүн худалдан авах хүсэл төрнө шүү дээ. Тиймээс бид хүмүүсийн сонирхолд нийцүүлж, хүссэн төрөл загвараар төрөл бүрээр нь хийдэг. Мөн бид бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэдээ хямд үнээр борлуулдаг. Жишээлбэл, гурван хос гоёл чимэглэлийг 20 гаран мянгаар зарж, кулон бэлэглэдэг.


- Энэ бүхнийг та хэзээнээс хэрхэн хийж эхэлсэн бэ?

- Би 2008 оноос 2015 он хүртэл Улаанбаатар хот дахь Гар урлалын мэргэжлийн сургалтын төвд багшилсан. Харин сүүлийн дөрвөн жил хувиараа үйл ажиллагаа явуулж байна. Өөрийнхөө мэргэжлийн дагуу сургалт явуулж, бүтээгдэхүүнээ хийж байна. Би таван хүүхэдтэй, гурван бэртэй. Бид гэр бүлээрээ хамтарч бүтээлээ хийдэг. Дадал суманд 25 хүнд, Биндэр суманд 15 хүнд өрхийн урлалын сургалт хийсэн. Шавь нар маань шинэ бүтээгдэхүүн хийх, материал захих гээд байнгын холбоотой байдаг.


- Та бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ цаашид хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Цаашдаа сумынхаа онцлогийг харуулсан Дэлүүн болдог, Чингисийн гэрэлт хөшөө зэрэг түүхэн дурсгалт газруудынхаа зурагтай энгэрийн тэмдэг хийхээр зорьж байгаа. Ирэх жилээс энэ бүхнээ илүү өргөжүүлэн үйлдвэрлэл эрхлэхийг хүсэж байна.


Үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Хан Хэнтийн үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудын түүх домог, хөшөө дурсгалыг дэлхий дахинаа түгээж, түмэн олонд хүргэх ажилд тань арвин их амжилтыг хүсье.

Холбоотой мэдээ