13 настай охины амь насыг бүрэлгэсэн этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 23:02:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины аминд хүрсэн хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.23/ болж шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноов.

Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд 7 цаг үргэлжилсэн  тус шүүх хурлаар шүүгдэгч нарт бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар дээрх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг ар гэрийнхэнд нь барагдуулах шийдвэр гаргав.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар оролцов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон бол шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгчөөр С. Оюунцэцэг нар оролцов.

Хэргийг эргэн санахад, өнгөрөгч оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны "Очир” төвд байрлах зочид буудалын өрөөнд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж,  улмаар Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ