“Хариуцлага нэхэх бүх ард түмний цуглаан” Сүхбаатарын талбайд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-25 14:58:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас өнөөдөр /2018.11.25/ “Хариуцлага нэхэх бүх ард түмний цуглаан” Сүхбаатарын талбайд зохион байгуулав. 

Цуглаанд Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн, "Аж үйлдвэрийн зөвлөл" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж буйг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ.



Тэрбээр, "Энэ онд 134 ААН ЖДҮХС-гаас 74.1 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүнээс 122 нь УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын эхнэрийн эзэмшлийн "Эпато анарваан" ХХК өнгөрсөн онд 1 тэрбум, энэ жил 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Мөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хамаарал бүхий "Тээвэр ачлал" ХХК 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Дээрх компаниуд ЖДҮ-ийн тухай хуульд заасан 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой байх болзлыг давсан. Үнээний фермер байгуулна гэж 1.6 тэрбум төгрөгийн зээл аваад үйл ажиллагаа явуулаагүй компани ч байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий "Доктор МЭИК" ХХК авсан зээлээ энэ сард төлсөн. Одоогоор ЖДҮХС-д 20 тэрбум төгрөг эргэн төвлөрсөн. Зээлээ эргүүлж төлөхгүй байгаа маш олон компани бий. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан мөнгө эдгээр албан тушаалтнуудын хамаарал бүхий компанид хууль бусаар очиж байгааг иргэд бид зүгээр хараад суух ёсгүй. Иргэдээ хуулиар дарамталж хариуцлага тооцдог. Гэтэл Засгийн газар нь сайдтайгаа, УИХ нь гишүүнтэйгээ хариуцлага тооцдоггүй. Тиймээс  ард түмэн зориулалтын бусаар ашигласан мөнгөө эргүүлэн төлөхийг шаардаж, тэднээс харицлага нэхэн жагсаж байна" гэв.

“Нэхүүл” нам бус залуучуудын холбооны зохицуулагч М.Мунаа хэлэхдээ, “Манай хөдөлгөөн энэ сарын 14-16 хүртэл зөвшөөрлийн дагуу төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Гэтэл биднийг улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн жагсаалыг цаашид үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй. УИХ, ЗГ-ын гишүүдийг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Шаардлагын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Миний мэдэх асуудал биш, би шийдэхгүй” гэж няцаасан хариу өгсөн. Тиймээс бид тэмцлээ эрчимжүүлж Баялаг бүтээгчдийн холбоо ТББ-ын өрнүүлж буй жагсаалд нэгдэн төрийн өндөр албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж байна гэлээ.



Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ НЗД-аас жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүссэнээр өнөөдрийн 12.00-16.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд цуглаан өрнүүлэх зөвшөөрөл олгожээ. Тэд цуглаанаараа дамжуулан Засгийн газарт дараах 5 шаардлагыг хүргүүлж байгаа аж.

  • ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох,
  • Мэдээллийн давуу байдлаа ашиглан авсан зээлээ яаралтай эргэн төлөх,
  • Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах,
  • Тус сангаас зээл олгох, төсөл шалгаруулалтын журмыг ил тод болгох,
  • Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг УИХ яаралтай хэлэлцэхийг шаардав.


Холбоотой мэдээ