"Book Share" номын сан байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-26 18:59:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 6-р багийнхан "Book Share" номын сан байгуулж байна. 

Багийн дарга Ц.Дэнээдорж санаачлан саяхан ашиглалтад орсон багийн төвийн шинэ байрандаа дээрх номын санг байгуулаад байгаа юм. Тухайн номын сангаар үйлчлүүлэгчид уншсан номынхоо талаар цахим орчинд лайв хийх, сэтгэгдлээ бичих зэргээр  бусадтай хуваалцдаг байхаар төлөвлөж байгаа аж.

Даланзадгад суманд энэ жилийн хувьд их бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд шинээр гурван багийн төвийг эрүүл мэндийн төвтэй нь хамт байгуулан ашиглалтад оруулжээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын сүүлээр Их-Уулын 6-р багийн төвийг ашиглалтад оруулсан юм. Орон нутгийн төсвийн 700 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Оршдос" ХХК болон “Говийн харш” ХХК багийн төвийн барилгыг барьжээ. Тус багийн төвд эмэгтэйчүүдийн, ахмадын, залуучуудын зэрэг 7 зөвлөл ажиллах юм байна.

Уг баг нь 4400 гаруй иргэнтэй бөгөөд Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд байдаг гэдгээрээ онцлог юм. 

Холбоотой мэдээ