Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-28 12:18:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр “Хандлагаа өөрчилж-Хамтдаа хөгжье” сэдвийн дор чуулж, аймаг сумдын удирдлагуудад хандан  тэдний  эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэгш хүртээмжтэй орчин бий болгох уриалга гаргалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэхэд нь тулгамддаг томоохон асуудал бол орчны саад, нийгмийн харилцаа, хандлагын асуудал байдаг. Тиймээс  өнөөдөр энэхүү тулгамдсан асуудлаар чуулсан ажээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох” зорилт дэвшүүлж,  түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа энэхүү чуулганд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож, мэндчилгээ дэвшүүлэхдээ  хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнээ 2018 онд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн төрийн бодлого, боломжууд, Хүний эрх зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын л адил хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, бүтээж чаддаг гэдгээ харуулж, бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг гаргаж, иргэдэд толилуулжээ.  

Дундговь аймгийн хэмжээнд 2017 оны эцсийн байдлаар 1830 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ба тэдэнд зориулсан орц гарцыг стандартад (MNS  6055-2009) нийцүүлэн хийсэн байгууллага 10 хүрэхгүй байна. Аймгийн ЗДТГ, МХГ, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын ЗДТГ-аас бусад байгууллагуудын хийсэн орц гарцны налуу нь стандарт биш, гулгах аюултай, бариулгүй, зарим байгууллагын хувьд налуу зам хийсэн боловч хаалганы босгоо налуу болгоогүй гэх мэтээр ХБИ үйлчлүүлэхэд саад учирч байдаг ажээ. 

Холбоотой мэдээ