Увс аймаг өнөө шөнөөс цахилгаан эрчим хүчээр хэвийн хангагдаж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-28 16:53:47

Увс /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас унасан Улаангом Боршоо чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19, 20, 21-р тулгуур багануудыг босгож дуусгаад байна. 

Эхний баганыг өчигдөр орой 18 цагийн орчимд, дараагийн баганыг өнөө өглөө 9 цагийн үед босгосон бол үлдсэн баганыг сая 12 цаг 50 минутын үед босгосон байна. Одоо гэрлийн утас өлгөх ажил ид явагдаж байгаа бөгөөд түүний дараагаар шалгаж үзээд Увс аймгийн төв Улаангом хот болон сумдад гэрэл цахилгаан өгөх аж.



Цахилгаан дамжуулах агаарын шугам босгох ажилд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдах ажилтнууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн ЦТС ХХК-ийн инженер, техник, засвар үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн хоногийн турш өдөр шөнөгүй ажиллаж, гурван тулгуур баганыг ийнхүү босгоод байна. Ямартай ч өнөө шөнөдөө  Увс аймаг цахилгаан эрчим хүчинд холбогдоно.

Үүний дараагаар Улаангом Ховдын чиглэлд унасан 110 кв-ын найман ширхэг баганыг богсох ажил үргэлжлэх аж.

 Энэ сарын 27-ны шөнө Тариалангийн чиглэлд унасан 110 кв-ын нэг тулгуур баганыг босгосноор Дөргөний усан цахилгаан станцаас 0,9 мегватын хүчдэл авч Улаангом хотын А зэрэглэлийн бүсийг гэрэл цахилгаанаар хангаад байсан юм.

Холбоотой мэдээ