ДДУС-ийн захирал Д.Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлд сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-29 13:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал Д.Уранчимэг сонгогджээ.

ELIA нь анх 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 47 орны 350 урлагийн их сургууль, 300 мянга гаруй оюутны төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна. ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар улс, Сингапур, Малайз, Израйл, Тайвань, Монгол Улсын Урлагийн их сургуулиуд гишүүнчлэлтэй. СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгууллага болж байсан бөгөөд СУИС-ийн захирал Э.Сонинтогос 2014- 2018 онд тус бүр 2 жилээр 2 удаа тус удирдах зөвлөлд европын бус орон номинацид сонгогдон ажиллаж байв.

Энэ удаагийн хурлаар СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал Д.Уранчимэг Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд шинэ батлагдсан журмын дагуу 4 жил удирдах зөвлөлд ажиллах юм.

ELIA-гийн шинэ өрөнхийлөгчөөр Австрийн Дүрслэх Урлагийн Академийн дэд захирал Андреа Врэйд сонгогдсон бөгөөд хурлын үеэр манай төлөөлөгчид шинэхэн ерөнхийлөгчтэй ажил хэргийн уулзалт хийж, 2020 онд ELIA-гийн  “Teachers Academy” болон бусад үйл ажиллагааг Монголд зохион байгуулж болох талаар санал солилцож цаашдаа тус сүлжээнд СУИС ERASMUS хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцжээ.

Холбоотой мэдээ