Орон нутагт сүрьеэгийн төгс оношилгоо хийх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-29 17:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь" төслийн хүрээнд өнөөдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Жена эксперт аппарат хүлээлгэн өглөө.

ЭМЯ, ДЭМБ хамтран Солонгосын эрүүл мэндийн сан болон Солонгос иргэдийн сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум, Сонгинохайрхан дүүргийн 2 хороонд амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Тус төсөл  2018 онд  15 аймгийн 30 сум, 8 дүүргийн 11 хороонд үргэлжлэн хэрэгжиж байна. Төсөл хэрэгжиж буй Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Жена эксперт аппаратыг гардууллаа. Уг тоног төхөөрөмжөөр сүрьеэгийн төгс оношилгоо, орон нутагт С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх боломж бүрдэж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, анагаах ухааны доктор Я.Амаржаргал хэлэхдээ, “Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, урвалж оношлуурыг хангалттай захиалж, эмч мэргэжилтнийг сургалтад хамруулж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, бүх анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагууддаа өргөжүүлэн хэрэгжүүлж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэд санхүүгийн дарамтгүй, хэрэгцээт цогц тусламж, үйлчилгээг авах боломж бүрдүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангах нь бидний хүчин чармайлтаас хамаарна” гэв.

Холбоотой мэдээ