“Парк таун” бондын захиалга маргааш өндөрлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-02 14:52:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлд анх удаагаа орон нутгаас буюу Дархан-Уул аймгаас барилгын “Минж Проперти” компани нэг тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Парк таун” бондыг олон нийтэд гаргаад байгаа билээ.

Тус компанийн санал болгож буй бондын жилийн хүү нь банкны хадгаламж болон үнэт цаасны хүүгээс хамаагүй өндөр бөгөөд 17 хувьтай тэнцэж байна. Өөрийн хөрөнгөөр баталгаажсан бондын анхдагч зах зээлийн захиалга өнгөрсөн 11-р сарын 27-ноос эхэлж энэ 12-р сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэн маргааш анхдагч зах зээлд арилжахаар болоод байна. Арилжаа тус өдрийн 11:00-12:00 цагийн хооронд явагдах бөгөөд захиалгын хуваарилалтыг мөн тухайн өдрийн 17:00 цагт хийх юм.



Дашрамд дурдахад компанийн бонд гэдэг нь хөрөнгө оруулагчдын дунд эрэлт ихтэй байдаг үнэт цаасны бүтээгдэхүүн юм. “Минж Проперти” компанийн “Парк таун” бонд нь энэ жилийн анхны компанийн бонд болж байна. Тус бонд нь 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт нэг тэрбум төгрөгийн бонд бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй "Минж Проперти" ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглах юм. Учир нь тус компанийн зүгээс Дарха-Уул аймагт хэрэгжүүлж буй “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг тодорхой хэсгийг өөрийн гаргаж буй бондоороо босгохоор төлөвлөөд байгаагаа мэдэгдсэн.


Орон нутгаас барилгын компани нээлттэй хүрээнд бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд анхны тохиолдол болж байна. Үүнийг аймаг, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй дараа дараагийн компаниуд хөрөнгийн зах зээлд хөл тавих эхлэл гэж шинжээчид үзэж байгаа юм.



Тодруулга: Дотоодын хөрөнгийн зах зээлд өмнө нь “Минж Проперти” компанийн “Парк таун” бонд шиг нээлттэй хүрээнд 2015 онд “Эрчим” бонд, 2011 онд “Мах” бонд, 2017 онд “Сүү” бондууд тус тус гарч байсан юм.

Б.Болд

 

 

Холбоотой мэдээ