Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлээр үзэсгэлэн гаргав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-12-05 11:44:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн гутал, цүнх зэрэг арьс, эсгийгээр урласан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан “Хотын хөгжилд миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ