Индонезид гарсан халдлагыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-06 10:41:45

ЖАКАРТА. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Индонезийн зүүн нутгийн Папуа мужид барилгын 30 гаруй ажилчны аминд хүрсэн халдлагыг зэмлэн буруушаасан мэдэгдлийг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо пүрэв гарагт гаргажээ.


Индонезийн Ерөнхийлөгч халдлагын улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, Папуа муж төдийгүй улс даяар ийм төрлийн халдлага гарах ёсгүйг онцлон тэмдэглэсэн байна. Мөн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг цэрэг болон цагдаагийн албан хаагчдын аль алинаас хүсчээ.


Амь үрэгдсэн ажилтнууд Папуа мужийн алслагдмал, уулархаг “Ндуга” бүс нутагт зам, гүүр байгуулах ажилд оролцож байсан бөгөөд Засгийн газраас бүтээн байгуулалтын уг ажлыг түр хугацаагаар зогсоожээ.


Цагдаагийн газрын ажилтнууд энэ хэрэгт салан тусгаарлагчдыг буруутгаж байгаа бөгөөд тэдгээр салан тусгаарлагч нь сүүлийн хэдэн арван жилийн турш Папуа мужийг тусгаар тогтнохыг уриалсаар ирсэн юм. 

Холбоотой мэдээ