"Амьтдыг хэрцгийллээс хамгаалах нийгэмлэг”-ийн төлөөлөгчид амьтан хамгааллын сэдвийг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-06 16:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “RSPCА International” байгууллага буюу Амьтдыг хэрцгийллээс хамгаалах нийгэмлэг (АХХН)-ийн дарга Пол Литтлфэйр, Хүмүүнлэгийн боловсролын зөвлөх Дэвид Когган нар Монгол Улсад энэ сарын 9-14-нд айлчилна.

Тус байгууллага нь 1822 онд Их Британийн парламент бод малтай зүй бусаар харьцахыг хориглосон хууль баталж, тус улс дэлхийн хамгийн анхны ан амьтдын хүчирхийллийн эсрэг хуультай болох үед байгуулагдсан 200 гаруй жилийн түүхтэй билээ.1824 онд дэлхийн хамгийн анхны ан амьтдын халамжийн байгууллага үүссэн бөгөөд 1840 онд Хатан хаан Викториягийн нэрэмжит болсноор өнөөгийн Амьтдыг хэрцгийллээс хамгаалах хатан хааны нийгэмлэг бий болжээ. Өнөөдөр энэхүү байгууллага нь хамгийн эртний, том амьтан хамгааллын байгууллага болохын сацуу Их Британий хамгийн том халамжийн байгууллага болоод байна. Тус байгууллага нь хүүхэд залуус, насанд хүрэгчдийг ан амьтдыг хамгаалахад сургах зорилгоор хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, нийгэмлэгүүдэд хүлээлгэн өгдөг. 

Айлчлалын хүрээнд тус нийгмэлэгийн удирдлагууд Монгол Улсын холбогдох яамдын сайд дарга, төрийн өндөр албан тушаалтнууд, их дээд, ЕБС-иудын удирдлагуудтай уулзахаас гадна амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай  уулзах юм. “RSPCА International” байгууллага нь энэ завшааныг ашиглан Хятад, Тайвань, Солонгос зэрэг Ази тивийн орнууд, Европ, Африк тивийн 20 гаруй оронд хэрэгжсэн Ан амьтан хамгааллын боловсролын хөтөлбөрийн хүрээнд олж авсан туршлагаа хуваалцаж, боловсролын үйл явцад тулгуурласан шинжлэх ухааныг танилцуулах аж.



 

Холбоотой мэдээ