Судалгаанд оролцогсдын 40 хувь нь ирэх 6 сард валютын ханш өснө гэж таамаглажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-06 16:46:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/.МУИС-иас эдийн засгийн төлөв байдалтай уялдан хэрэглэгчдийн хүлээлт, хандлагыг харуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” гэсэн сонирхолтой судалгаа явуулжээ.

Уг судалгааны талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэг саяхан АХБ, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэг дээр танилцуулсан юм.

Эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйг иргэд хэрэглэгч талаасаа хэрхэн үнэлж дүгнэж буйг хэмждэг үзүүлэлтүүдээс бүрдсэн “Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн төлөв байдалтай уялдан хэрэглэгчдийн хандлагыг харуулдаг нэг ёсны хэмжигч багажтай жишиж байв.

Хэрэглэгчдийн итгэлийн индексийг гаргахдаа

  • Эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж,
  • Ойрын ирээдүй өөрчлөлтийн талаарх хүлээлт,
  • Хэрэглэгчийн худалдан авалтын хандлага,
  • Үнийн түвшний өөрчлөлтийн таамаглал,
  • Хэрэглэгчийн шинж чанар гэсэн 5 бүлэг асуулгаар судалгаа авч тодорхойлсон байна. 
  • Ингэхдээ хэрэглэгчдийн эерэг болон сөрөг хариултуудыг тооцож, харин нейтраль буюу дундаж хариултуудыг орхидог байна.Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад дээрх индекс өндөр байхад буюу иргэд эдийн засгийн төлвийг өөдрөгөөр харвал ДНБ-ийн хэмжээ өсч, эсрэг тохиолдолд буурч байжээ. Судалгаанд оролцогчдын нас, боловсролын түвшнээс харахад 35 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн иргэдийн итгэлийн индекс өндөр байдаг бол дунд болон бага боловсролтой 35-аас дээш насныхан “гутранги үзэлтэй” нь ажиглагджээ.  

Хэрэглэгчийн индекс нь бүс нутгийн онцлог, нөхцлөөс хамаарч харилцан адилгүй байна. Амьжиргааны түвшин, амьдрах орчноос хамаарч иргэдийн улсынхаа эдийн засгийн төлвийг төсөөлөх нь зөрүүтэй байна.

Энэ оны сүүлийн улирлын судалгаанд оролцогчдын 72 хувь нь ирэх 6 сард бараа, үйлчилгээний үнэ өснө гэсэн бол 40 орчим хувь нь ам.долларын ханш чангарсан хэвээр байна гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ. Ам.долларын ханшны талаарх хүлээлтийг нарийвчлан тодруулбал, иргэдийн 40.4 хувь ирэх 6 сарын хугацаанд валютын ханш өснө гэж хүлээж буй бол 23 хувь нь “өөрчлөгдөхгүй” гэсэн байна.

Харин удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт ихсэж, хүмүүсийн худалдан авах чадвар буурахгүй гэсэн байх юм. Жишээ нь, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөөг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр харахад, ирэх 6 сарын хугацаанд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын эрэлт өсөх хандлагатай гарчээ. Инфляцийн тухайд судалгаанд оролцогсдын 72 хувь нь ирэх 6  сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн байна. 20 орчим хувь нь “өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна.



Индекстэй холбоотой иргэдийн эдийн засгийн талаарх мэдлэг өндөр, мэдээлэл ихтэй байгаа төдийгүй тэдний хүлээлт зах зээлд шууд нөлөөлдөг, эсэх талаар дэд профессор Б.Алтанцэцэг хэлэхдээ, “Иргэдийн итгэлийн индекс эдийн засгийн үйл явцтай тохирч байгаа нь тэднийг санхүүгийн боловсрол өндөртэй хэмээн шууд ойлгож болохгүй.

Магадгүй өрнөж буй үйл явцад мэдрэмжтэй, хариу үйлдэл хурдан үзүүлэх чадвартай гэвэл илүү ононо. Илүү ахисан түвшний буюу хөрөнгийн зах зээлд оролцох, татвар, даатгалын салбарын тухай ойлголт хэрэглэгчдийн дунд тааруу байдаг” гэлээ. Энэ төрлийн судалгааны дүн нь урт хугацаанд эдийн засгийн өөрчлөлтөд хүмүүс хэрхэн хариу үзүүлэх болон холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлоход үнэ цэнтэй байдаг аж.

Тодруулга: “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааг 2009 оноос Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр эхэлж, 2012 оноос тогтмолжин МУИС-ийн оролцоотойгоор жилд нэг удаа хийдэг байсныг одоо улирал тутамд гаргаж байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийг үнэлэх түүвэр судалгааг АНУ, Энэтхэг, Канад, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн олон оронд Төвбанк, Засгийн газар, бизнес, санхүүгийн байгууллагуудыг оролцуулан хийдэг байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ