Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-07 15:22:43
ЛОНДОН. /TASS/. Их Британийн телевизийн томоохон сувгууд болох “BBC” болон “ITV” тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй болон сөрөг хүчний удирдагч Жереми Корбины хооронд “Brexit”-ийн сэдвээр хийх мэтгэлцээнийг шууд дамжуулахаас татгалзжээ. Энэ шийдвэрийг пүрэв гарагийн орой гаргасан гэж “ITV” сувгийн албан ёсны төлөөлөгч мэдээлсэн бол талууд тохиролцоонд хүрч чадаагүй тухай “BBC” бүр мягмар гарагт мэдэгдсэн байна.

Ийнхүү Тереза Мэйн зүгээс Корбинд санал болгосон телевизийн мэтгэлцээн товлосон хугацаандаа буюу 12 дугаар сарын 11-нд болохгүй байж магадгүй болжээ.

""ITV" телевиз Их Британийн Ерөнхий сайд болон сөрөг хүчний удирдагчийг ням гарагийн оройн хөтөлбөртөө оролцохыг урьсан. Саналыг хүлээж авах эсэхийг уригдсан талууд шийднэ гэдгийг бид тодорхой хэлсэн” гэж тус сувгийн төлөөлөгч хэлээд ням гарагт мэтгэлцээн болохгүй гэдэг ойлголтыг өгсөн боловч чухам яагаад тохиролцож чадаагүйг тодорхой дурдаагүй аж.

“BBC” сувгийн хувьд мэтгэлцээнийг ямар хэлбэрээр явуулах тал дээр санал нэгдэж чадаагүй байна. Үзэгчид Консерватив болон Лейборист төдийгүй парламентад төлөөлөл бүхий улс төрийн бусад намын удирдагчдын байр суурийг сонсох ёстой гэдэг саналыг тус сувгийнхан тавьсан байна. Үүнийг Тереза Мэй зөвшөөрсөн боловч Корбины төлөөлөгчид татгалзсан хариу өгчээ.

Европын Холбооны /ЕХ/ орнуудын удирдагчид “Brexit”-ийн гэрээ болон Лондонтой цаашид хийх харилцааны тухай улс төрийн тунхаг бичгийг 11 дүгээр сарын 25-нд баталсан билээ. Уг гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд Европын парламент болон Их Британийн хууль тогтоогчид батлах ёстой. Мэйг нам дотроо хүчтэй эсэргүүцэж байгаа учир Их Британийн парламент дэмжин батлан магадлал тун бага байгаа аж. Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос гарахаар төлөвлөж байгаа бөгөөд шилжилтийн үйл явц 2020 оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж тооцоолжээ.


Холбоотой мэдээ