Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдэд нэг дор үйлчлэх хүчин чадалтай төв ирэх онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-11 16:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсов.

Хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийг, 2017 оны 116 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийг бүх яамдад байгуулан ажиллуулж байгааг ХНХ-ын дэд сайд дурьдлаа. Мөн УИХ-ын 2018 оны 56, Засгийн газрын 250 дугаар тогтоолоор ХНХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-байгуулсныг онцолсон юм.

Тэрбээр, “Монгол Улсад 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Засгийн газраас Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 70 мянган төгрөг байхаар тогтоосон. Энэ онд 4.2 мянган иргэнд 19.8 тэрбум төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсан 544 хүнд 2.1 тэрбум, бусад тэтгэвэр тэтгэмж, төлбөрт 15.6 тэрбум төгрөг олгосон байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т энэ онд 4.5 тэрбум зарцуулахаар төлөвлөсөн. Энэ оны эхний 9 сарын байдлаар 642 байнгын ажлын байр, 327 түр ажлын байр бий болгож, 2.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүдэд 555 хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцаж байгаа. Эдгээр хүүхдүүд ирэх оноос МСҮТ-д суралцагчдад олгох 100 мянган төгрөгийн тэтгэмжид бүрэн хамрагдах юм” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан байгуулах хүрээнд Нийгмийн даатгалын сан, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, Нийгмийн халамж, үйлчилгээний мэдээллийн сан (WAIS), Эмнэлэг, хөдөлмөр магадлалын мэдээллийн сан дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж байгаа аж. Уг ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан бүрэн дуусгаж, УИХ-д танилцуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорнод, Дархан, Архангай, Хөвсгөл, Ховд, Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн загвар байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг ХНХ-ын дэд сайд мэдээллийнхээ төгсгөлд дурьдсан юм.

Мэдээллийн дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургах багш нарыг бэлтгэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэмд эерэг хандлага төрүүлж, зөв ойлголт өгөх талаар МҮОНРТ хэрхэн ажиллаж байгааг тодруулж байв.

МУБИС-д Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 60, энэ онд 70 оюутан элссэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дурьдлаа.

ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв хандлагыг бий болгох зорилгоор 200 гаруй байгууллага дээр хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал гэсэн нөлөөллийн сургалтын ажлыг хийсэн байна. Мөн МҮОНТ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх цуврал нэвтрүүлгийг хийж байгааг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлээд, “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж эхэлсэн. Тус төвд 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтайгаас гадна эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Уг төвийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Ийнхүү хуралдааны төгсгөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын  төсөл боловсруулах ажлын хэсгийг Д.Ганболд гишүүнээр ахлуулан байгуулав.

Холбоотой мэдээ