Налайхын шинэ зам нь хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-12 16:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа.


Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагийн мэдээлснэр дээрх замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.


Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам тавих юм. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах шуудуутай байх ажээ.

Түүнчлэн осол гарахаас урьдчилан сэргийлж, хонгил хийх юм байна. Хонгилын бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгааг танилцууллаа. НИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан мэдээлэлтэй холбогдуулан хэлэхдээ, "Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хэсэгчлэн хийж болохгүй.


Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандарт тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой. Уг авто зам хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ байна. Тэгэхээр ойрын зургаан жилийн хэрэгцээг хангаж болох ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, хот тэлэхийн хэрээр дахин шаардлага гарч болзошгүй. Тиймээс ойр орчны газрыг нь чөлөөлж, хамгаалалтад авах асуудлыг анхаарах хэрэгтэй" гэсэн талаар Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ