Цаатан иргэдийг ОХУ дахь төрөл садантай нь уулзууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-14 15:26:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын цаатан  иргэдийг Оросын Холбооны Тува Улсын Тож хошуун дахь төрөл садантай нь уулзуулах арга хэмжээг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг Тыва Улсын Кизыл хотод зохион байгууллаа.


Уулзалтад  Тувагийн 6 сумыг нэгтгэдэг Тожоос  24, Хүнгэлдэгээс 8, нийт 36 хүн ирж, Хөвсгөл аймагт амьдарч байгаа Цагаан нуур сумын  иргэдийн төлөөлөл болсон 22 иргэнтэй уулзлаа.


Уулзалтад ирсэн хүмүүс наад зах нь дөрвөн жил, зарим нь огт уулзаж байгаагүй хүмүүс ч байжээ. Хамгийн гол нь энэхүү уулзалтыг ойр ойрхон зохион байгуулж байхгүй бол нас дээр гарсан хүмүүс ахан дүүстэйгээ уулзаж чадахгүй хорвоог орхиж байгаа нь харамсалтай байгааг хэлж байв.


Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара Оол Цагааннуур сумын Тува иргэдэд хандан хэлэхдээ “Үндэсний хэл болох тува хэлээ мартах учиргүйг онцолж байв. Хэрэв Монголын боловсролын яам Цагааннуур сумын сурагчдын сургалтын хөтөлбөрт тува хэлийг суралцахыг албан ёсоор оруулж өгвөл  сурагчдын 1-5-р ангийн сурах бичгийг нь 100 хувь хангаж өгнө” гэсэн гэдгийг Цагааннуур сумын Засаг дарга Ч.Нямдаваа  мэдээллээ. Мөн энэ үеэр тус Улсын түүх соёл, ёс заншил, урлаг соёлтой танилцсан бөгөөд “Маралхоз” бугын сангийн аж ахуйг судлан туршлага солилцжээ.


Марал буга болон Цаа бугын цусан эвэр төрөл бүтцээрээ ижил төстэй ч нэг төрлийн элементээр өөр байдаг байна. Тиймд бугын цусан эврийн ашиглалт, гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэвтрүүлж болох боломжтой гэнэ.


Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ааваараа овоглосон 474, ээжээрээ овоглосон 281 нийт 755  тува иргэн амьдардаг ажээ.  

 

 

Холбоотой мэдээ