Хог хаяж, угаадас асгасан иргэдийг илрүүлэх уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 12:38:28

Өвөрхангай аймгийн Арвайхээр тохижилт үйлчилгээний газраас “Яг одоо таны оролцоо” урамшуулалт аяныг 2 сарын 20-ны өдрөөс 6 сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, эрүүл аж төрөх ёс зан үйлийг төлөвшүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хорооллын гудамжинд ил задгай хог хаягдал, угаадас асгахгүй байж хэвших нь аяны зорилго юм.

Аяны арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучууд хамрагдах ба гудамжинд ил задгай хог хаягдал хаяж,  угаадас асгаж байгаа иргэдийг утас, зургийн аппаратаар баримтжуулан зургийг нь авч, холбогдох албан тушаалтанд биеэр хүлээлгэн өгснөөр Арвайхээр ОНӨААТҮГ-ын албан ёсны Facebook хуудсанд байршуулна. Ингэхдээ зөрчил гаргасан иргэний дүрс танигдахуйц байдалтай, хог хаягдал, угаадас асгасан орчин тодорхой, айл өрхийн хаяг үнэн зөв байх шаардлагыг тавьжээ.

Уг зөрчлийг илрүүлсэн иргэнийг 5000 нэгжээр шагнах бол зөрчил гаргасан иргэнийг 10 мянгаас дээш төгрөгөөр торгох юм байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ