"Босоо хөх монгол" бүлгэмийнхний өгч буй мэдээллийг үгүйсгэлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-12-14 15:08:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 10-аад хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд "Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн очиж, тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хайгуулын компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Тэд дөрвөн компанийн ажиллагааг зогсоосон, Монгол Улсын дархан хилийн аюулгүй байдал алдагдсан, Хятад иргэд тус газар нутагт эзэн суусан байна гэх мэдээллүүдийг өгч байгаа. Тэгвэл энэ талаар сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуунаас тодруулахад тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр “Газрын тосны нутагт хайгуул хийж буй "Макс Ойл" ХХК-ийн үйл ажиллагаа одоогоор улирлын шинжтэйгээр түр зогссон байгаа. "Босоо хөх монгол" бүлгэмийнхэн очиход тэнд хүн байгаагүй. Гэхдээ өөр хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой шаардлагуудыг тавьсан гэж сонссон. Сарын өмнө аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус компанийн төлөөллүүдтэй уулзаад явахдаа албан шаардлага өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг хилийн торыг хэдэн километрээр нь сэтэлж, хайгуул малтлага хийсэн зүйл огт байхгүй. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Мөн тус хил орчмын газар нутгийг хариуцсан цэргийн штабын дарга ч үүнийг үгүй гэдгийг хэлж, албан ёсны тайлбар мэдээллийг хүргүүлсэн.” гэв.

Мөн, нэгэн эх сурвалжийн хэлж байгаагаар Эрдэнэцагаан сумын нэг иргэний хүсэлтээр "Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн тус суманд очсон. Үнэхээр яриагдаад байгаа шиг ноцтой зүйл байхгүй юм билээ. Хэдийгээр хэд хэдэн хайгуулын компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж байгаа ч тэднийг явсных нь дараа зарим нэг нь буцаад л ажиллаад эхэлсэн. Магадгүй үүнийг хэн нэгэн зориудаар бадрааж, хүмүүсийг төөрөгдүүлж байхыг үгүйсгэхгүй. Үүний нэг нотолгоо бол анх энэ талаар мэдээлэл хийсэн, гомдол гаргасан гэх хүн өөрөө бусдын нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, урьдчилсан дүгнэлтээр буруутай нь тогтоогдсон. "Босоо хөх монгол" бүлгэмийнхэн ч буруутаж болзошгүй байгаа гэв.

Холбоотой мэдээ