Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар 44 иргэнийг бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-14 17:29:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран "Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” сургалтыг энэ сарын 12-14-нд зохион байгуулав.

Гурван өдөр үргэлжилсэн уг сургалтад эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сонгон шалгаруулалтад тэнцсэн 44 иргэн оролцжээ.

Шүүх дэх төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод дахь эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, шинээр боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилготой тус сургалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага, энэ тухай ойлголт, зохицуулах зүйл, арга, төрөл, хэлбэр тэдгээрийн онцлогийн талаар мэдлэг олгов. Мөн иргэний хэрэг, гэр бүл, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг, ёс зүй, үйл ажиллагаа, харилцааны ур чадвар, сэтгэл судлалын талаарх мэдлэгийг онол, дадлага хосолсон хичээлээр олгосныг оролцогчид онцолж байв. Суралцагчид онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулж эвлэрлийн гэрээ боловсруулах, харилцааны дадлага хийх байдлаар мэдлэгээ ахиулав.

Холбоотой мэдээ