УБТЗ-ын орлогч дарга нарыг шинээр томилов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-15 14:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хуралдаан өчигдөр болж, УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболдыг, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг тус тус томилоод байна.

УБТЗ нийгэмлэгийн байранд хаалттай горимоор үргэлжилсэн хуралдаанаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцэв.


Хуралдаанаар Нийгэмлэгийн удирдлагыг өөрчилж чөлөөлнө гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлөөгүй байна.

Хуралд ОХУ-ын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал  О.В. Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишарин нар, Монголын талаас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцлоо. Оросын талаас УБТЗ-ын энэ оны үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. “УБТЗ” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров УБТЗ-ын ажлыг дүгнэж хэлэхдээ “Оросын төмөр замуудын үзүүлээгүй амжилтыг УБТЗ хоёр жил дараалан үзүүлж байгаад их бахархаж байна.” гэлээ.


Тодруулга: Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 11 сард 23.4 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.4 сая хүн болоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 13.5 хувиар буюу 2.8 сая тонноор өсөж, зорчигчид 3.2 хувиар буюу 78.2 мянгаар буурсан байна. Харин энэ оны 11 дүгээр сард тээсэн ачаа 2.3 сая тонн, зорчигчид 194.4 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 5.7 хувиар буюу 136.4 мянган тонн, зорчигчид 9.9 хувиар буюу 21.2 мянган хүнээр буурсан байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2018 оны эхний 11 сард 39.7 хувь, экспортынх 36.0 хувь, импортынх 11.1 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс экспортын ачааных нэг пунктээр, импортын ачааных 0.9 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 1.7 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.3 пунктээр буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 11 сард 561.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар буюу 80.6 тэрбум төгрөгөөр өсжээ.

Б.Болд

 

 

Холбоотой мэдээ