Шүүхийн байгууллага Алаг-Эрдэнэ суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-17 18:03:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж, шуурхай үйлчлэх зорилгоор Алаг-Эрдэнэ суманд нүүдэллэн ажиллав.

Энэ үеэр тус сумын 20 гаруй иргэдтэй ганцаарчлан уулзалт хийж, зөвлөгөө мэдээллээр хангахын зэрэгцээ 50 гаруй иргэдэд сургалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултанд нь хариулт өгч гарын авлага, тараах материалаар хангаж, сум хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авсан иргэдийн өргөдөл материалыг хүлээн авч орон нутагт нь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулсан байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн "Хөдөлмөрийн эрх зүйн маргааны онцлог, Хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулах” талаар, шүүгч Г.Даваахүү "Малчин даатгуулагчийн ажиллаж байсан байдал тогтоолгоход анхаарах зүйлсийн” талаар, шүүгч Б.Мөнхтуяа "Шүүхэд гаргах нотлох баримтын бүрдүүлэлт, шүүхийн практикт гарч буй асуудлуудын” талаар, Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх "Эвлэрүүлэн зуучлалын ойлголт, үр нөлөө, давуу тал, онцлог”-ын талаар тус тус мэдээлэл хийсэн байна.

 

Холбоотой мэдээ