Хотын инфляци өсөхөд мах, нүүрс, шатахууны үнэ голлон нөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-18 14:36:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд инфляцийн түвшин 8 хувьтай байгаа бол нийслэл Улаанбаатарынх 9 гаруй хувьтай байна. Нийслэлд хэрэглээний үнийн индекс ийнхүү улсын дунджаас өндөр хувьтай гарч байгаад улирлын чанартай мах хатуу түлш буюу нүүрс, мөн шатахууны үнэ өнгөрсөн саруудад өссөн нь нөлөөлжээ. Тиймээс он гартал хотын инфляци 9 хувьтай байхаар байна.


Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулахад, “Хотын 9.3 хувийн инфляцийг бид бүтэц, бүрэлдэхүүнээр нь задалж үзвэл хатуу түлш 13.8 буюу хамгийн өндөр хувиар нөлөөлсөн бол шатахууны үнэ 1.5, махны үнийн 1.3 хувийн өсөлттэй тус тус холбоотойгоор Улаанбаатар хотын инфляци өнгөрсөн 11 дүгээр сараас 9.3 хувь болоод байна” гэв.

Тодруулга: Зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаг инфляцийг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин өссөнөөр илэрхийлдэг бөгөөд үүнийг хэрэглээний 12 бүлгийн 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн индексийн түвшнээр хэмждэг юм. Дээрх бараа, бүтээгдэхүүнийг өөр өөрийн эзлэх жигнэсэн дундаж жингээр илэрхийлдэг.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Холбоотой мэдээ