Нэгэн шөнийн дотор хоёр удаагийн үйлдэлтэй дээрмийн гэмт хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-27 09:00:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын харьяат иргэд болох Э, Г, Б нар нь нийлж бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д, Х нарын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гарчээ.   

Хэргийн мөрөөр тус сумын Цагдаагийн хэлтсийн хамт олон шуурхай ажилласны дүнд хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Эл хэргийн талаар тус сумын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Батзаяа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт нэгэн шөнийн дотор хоёр удаагийн үйлдэлтэй дээрмийн гэмт хэрэг бүртгэгдлээ. Энэхүү дээрмийн хэрэг дээр манай цагдаагийн байгууллагын зүгээс мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай явуулсаны улмаас Улаанбаатар хотын харьяат иргэн Э, иргэн Г нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон. Дээрх иргэдийг одоогоор цагдан хорьж, мөрөн шалгах үйл ажиллагааг явуулж байна хэмээн ярилаа. Дээрэмдэх гэмт хэргээс иргэд урьдчилан сэргийлэхийн тулд иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ гудамж талбайд ганц нэгээрээ явахгүй байх, мөн бусдын анхааралд өртөхгүй байхыг тэрээр анхааруулсан юм. Хэргийн холбогдогч дээрх этгээдүүд нь өмнө дээрэм, танхай, хулгайлах гэмт хэргийн төрлөөр хэд хэдэн удаа ял шийтгэл эдлэж байсан нь тогтоогджээ. Эдгээр гэмт хэрэгтнүүд нь иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халддаг байна. Тиймээс иргэд шинэ жилийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр дээр энэ онд 251 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 10 гэмт хэргээр буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ