“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт төв талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-26 11:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.

Энэ жил нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал,  нийслэлийн Багануур дүүрэг “Хүслийн шинэ жил” харшийн наадам, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100 өвлийн өвгөний парад, Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жил, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-Уул дүүрэг Соёлын ордны дугуйлангийн сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам, Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинациар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинациар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29, 116, 186 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа болох юм.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг нийслэлийн Соёл урлагийн газраас урьж байна.

 

 

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ