УИХ-ын гишүүд маргааш болох жагсаалын аюулгүй байдлыг хангахыг хуулийн байгууллагуудаас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-26 12:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, энэ сарын 27-ны 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд буй "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын аюулгүй байдлыг хангах талаар ярилцлаа.

Энэ үеэр Л.Болд гишүүн, “Ардчилсан орон бүрт иргэд, олон нийт жагсаал, цуглаан хийж, төрдөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл жагсаал, цуглааны үед бусдыг үймээн самуунд уриалах, өдөөн турхирах асуудал Монголд гарч байгаа. Үүний нэг жишээ нь 2018 оны долдугаар сарын 01-ний асуудал. Тиймээс маргааш болох жагсаалын аюулгүй байдлыг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллахыг та бүхнээс хүсч байна” гэлээ.

Харин Ж.Батзандан гишүүн, “УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, МАНАН гэх бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэх энэхүү жагсаалд 100 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно. Цалин, хөлсний нэмэгдэл, агаарын бохирдол гээд олон асуудлаас үүдэн иргэд бухимдалтай байгаа. Тиймээс аюулгүй байдлыг сайтар хангаж, онцгой анхаарал хандуулан ажиллах нь зөв” хэмээв.

Бусад оронд аливаа жагсаалыг зохион байгуулахдаа үүнд оролцох хүн бүрийг металь шалгагчаар шалгадгаас гадна, цүнхтэй хүн нэвтрэхийг хориглодог байна. Тиймээс Монголд ч энэ жишгийг тогтоох хэрэгтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн цохон тэмдэглэв. Түүнчлэн Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд ч дээрх зохицуулалтыг тусгах нь зөв гэсэн юм.

Маргаашийн жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, иргэдийг хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Цагдаагийн байгууллагын удирдлагууд хэллээ. Мөн иргэдийг өдөөн хатгах, гэмт үйлдэлд турхирах асуудал гарсан тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс залруулга хийж, тайван байхыг уриалах нь чухал гэдгийг онцолж байлаа.

Холбоотой мэдээ