Сүхбаатар аймгийн Засаг дарга шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-31 19:07:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах гэж буй баярт мөчийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар Монголчууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа нийт Монголчууддаа шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

2018 он Сүхбаатар аймгийн түүхэн дэх чухал нэгэн жил байлаа. Улиран одож буй 2018 онд бид эвлэлдэн нэгдсэн, улс төрийн гацаанаас гарсан, бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн жил байлаа. Улс орны эдийн засгийн боломж нөхцөл хүндхэн байгаа ч Сүхбаатар аймаг улс, орон нутаг, бусад төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр нийт 9,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг дарга миний бие мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагнан “хангалттай” хэрэгжиж байна гэсэн үнэлгээ авсан нь Сүхбаатарчууд бид бүхний ажлын амжилтын илэрхийлэл юм.

Эзэн  хичээвэл заяа хичээнэ гэдгээр хичээж зүтгэсэн олон хүн 2018 онд амжилтын эзэд болцгоолоо. Ялангуяа манай боловсрол, соёл урлаг, спорт, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан илүү өнгөтэй байлаа.  Жилийн эцсийн мал тооллогоор мал сүрэг дөрвөн төрөл дээрээ өсч 3,7 саяд хүрчээ. Сүхбаатар аймгаас Монгол Улсын аварга тогооч 42 жилийн дараа төрж, Олон улсын уралдаанаас тогооч нар маань хэд хэдэн медаль хүртлээ. Улсын физикийн олимпиадыг орон нутагтаа анх удаа амжилттай зохион байгуулж, улсын олимпиадад багш сурагчид маань амжилттай оролцон, Сүхбаатар нутаас Улсын тэргүүний сурагч тодорлоо. Аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн хүрээнд “Олимп-Эв нэгдэл” спортын наадам, Дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа маш амжилттай зохион байгуулж, үндэсний бөхийн улсын цолтон хоёр шинээр төрөн гарч, тив дэлхийн медальтнууд төрсөн бахдам амжилтыг спортынхон гаргалаа.

Сүхбаатарчууд төдийгүй Монголчуудын их шүтээн Алтан дарь овооныхоо төрийн их тахилгыг аран жилийн дараа зохион байгуулж, уул ус, байгаль  дэлхийгээ баярлууллаа. Мөн олон жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай хийж, улсдаа Онц үнэлэгдсэн амжилтыг гаргалаа.

2018 он та бидэнд урам зориг нэмсэн, амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн, сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна. Эх сайхан нутагт минь 2019 он айлчлан ирлээ. Ирж буй он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт итгэл төгс байна. 2019 он Сүхбаатарчуудын хувьд аймаг орон нутгаа хөгжүүлэх, их бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно.

Та бүхнийг Алтан дарь овоо, Шилийн богд уул минь ивээж, хийморь сүлд нь үргэлж тэнгэрлэг, босоо байх болтугай. Сайхан баярлаарай.” гэв.

Холбоотой мэдээ