Т.Мөнхбаяр: Цэргийн бүртгэлд хамраагүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын цэргийн штабаас өнөөдөр дүүргүүдийн салбар штабын удирдлагууд, хорооны ажилчдад цэргийн бүртгэлд анхаарах зүйлс, зарим үүрэг чиглэлийг өгөв.
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр, “Нийслэлийн засаг даргаас авсан үүрэг чиглэлийн хүрээнд цэргийн бүртгэлийг зохион байгуулах эрх бүхий албан хаагчдад сургалт зохион байгуулж байна. Сургалтад засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны ажилтнуудыг оролцуулна. Хуулийн дагуу цэргийн бүртгэлд 18-25 насны иргэд заавал хамрах үүрэгтэй. Мөн 65 хүртэлх насны бэлтгэл офицер, 18-50 хүртэлх насны цэргийн үүрэгтэн, 50 хүртэлх насны цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамарна.
Зөрчлийн тухай хуульд цэргийн бүртгэлд хамраагүй иргэнийг 100 нэгж буюу зуун мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай" гэв.
Энэхүү бүртгэлийн ач холбогдол нь Монгол Улсын оршин тогтнох үндэс, аюулгүй байдлыг хангаж, Батлан хамгаалах салбарын бэлтгэл нөөцийг тодорхойлдог аж.
Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 9.34 дүгээр зүйлд заасны дагуу НЗДТГ-аас цэргийн бүртгэлийг энэ сарын 4-21-нийг хүртэл хороодын Засаг даргын байранд ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
Бүртгүүлсэн 18-25 насны залуус жил бүрийн 5, 10 дугаар сарын цэрэг татлагаар өвчний шалтгаантай өнжих асуудал их байна. Тиймээс НЗДТГ-аас сүүлийн жилүүдэд цэрэг татлагаар орж байгаа залуусын эрүүл мэндийг сайжруулахад анхааран ажиллажээ. Түүнчлэн өнгөрсөн онд цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хорооны өрхийн эмнэлгүүдтэй хамтран, эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлсөн залуусыг эмчлэх ажлыг зохион байгуулсан байна.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар өнгөрсөн оны цэрэг татлагын талаар танилцуулахдаа, “Өнгөрсөн оны эхний ээлжийн цэрэг татлагаар 13542 иргэн эрүүл мэндийн үзлэгт орсон. Үүнээс 4801 буюу 35.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Тэдний 3871 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтанд авч эмчилгээнд хамарч байгаа. Өвчний оношоор нь авч үзвэл, мэс засал, гэмтлийн 29.9, чих хамар хоолойн 13.2, зүрх судас, дотор эрхтний өвчлөл 13 хувьтайгаар зонхилж байна” гэв.
Гэрэл зургийг: Т.Чимгээ