"Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадам Говьсүмбэр аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-05 14:09:36

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон жил бүр зохион байуулдаг "Болор цом"  яруу найргийн наадам энэ жил” Боржигины голомт  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  "Боржигин" чуулгад  нэгдүгээр сарын 05-нд эхэллээ.

Утга зохиол сонирхогчдын хүсэн хүлээдэг баяр, яруу найрагчдийн тухайн жилийн хамгийн шилдэг шүлгийг тодруулдаг  наадамд шилдэг 27 найрагч бүтээлээрээ өрсөлдөж буй. Мөн энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцож байгаа аж. Тухайлбал яруу найрагч Х.Алагаа, М.Амархүү, Н.Батжаргал, Б.Баттулга, Т.Баянсан, Сүглэмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш,Б.Чулуунцэцэг, Б.Элбэгтөгс,Д.Энхболдбаатар,Д.Одгэрэл, Г.Лхагвадорж зэрэг 27 найрагч оролцож байна.

Наадмын хөтлөгчөөр МҮОНТ-ийн хөтлөгч Г.Агааноров, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллаж буй. Утга зохиолын салбарын хийгээд “Болор цом” наадмын түүхийн шаргал хуудсыг баяжуулж буй 36 дахь удаагийн "Болор цом" наадам Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа  онцлог аж. Болор цом наадамд  Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид,төрийн соёрхолт, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар зэрэг олонд алдаршсан уран бүтээлчид мялаалга шүлэг уншсан байна.

Утга уянга, гоо зүй, хүний сэтгэлийн нарийн чанадыг хөглөдөг энэ наадмыг анх 1983 онд  ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилж зохион байгуулсан бөгөөд “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ. Наадмын тэргүүн байр, айргийн тавын эзэд өнөөдөр үдээс хойш тодорно.

"Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадмыг Говьсүмбэр аймгийн иргэд болон хүссэн хүн бүр үнэ төлбөргүй үзэж байна.

Холбоотой мэдээ