Хүн ам, орон сууцны туршилтын тооллого явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-07 11:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны туршилтын тооллогыг энэ сарын 10-16-нд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулах тухай өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнд танилцуулав.

    Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудыг бүрэн хамруулахад онцгой анхаарах шаардлагатайг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Мөн энэ хуралдааны үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өгөв. БСШУС-ын сайдын тушаалаар, 2018-2019 оны хичээлийн жилийн 2,3,4-р улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. ЕБС-ийн сурагчдын 2 дугаар улирлын амралт 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Ханиад томууны дэгдэлт ихтэй үед сурагчдыг хамруулсан ажлууд зохиохгүй байгаа бөгөөд харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай явуулж байгаа юм байна.

Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагийн мэдээлснээр, томуу, томуу төст өвчин энэ сарын 4-нөөс нэмэгджээ. Энэ өвчнөөр дөрөв хүртэлх насныхан зонхилон өвдөж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчин буюу ханиад, бронхит, хатгаагаар оношлогджээ. АШУҮИС-ийн захирлын тушаалаар, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан, зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч ирэх сарын 01-нийг хүртэл тус тус ажиллах юм байна.

Холбоотой мэдээ