Монголын утга зохиолын алдаа, оноог түлхүү ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-08 19:13:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн 90 жилийн ойн ёслолууд үргэлжилсээр байна. Өнөөдөр МУИС-ийн номын санд "Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Цэнджав нээж, удирдан явуулав. 

Д.Цэнджав "Түүх бол сургамж учраас сайн нь ч, муу нь ч бидний багш. Монголын зохиолчдын түүх бол бидэнд маргаашийн залуур болох чиг баримжааг олгодог. Тиймээс энэ эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа юм" гэв.

"Уран зохиол ба мөн чанар" илтгэлийг МУГБ, шүүмжлэгч, доктор профессор Д.Галбаатар тавилаа. Монголын орчин үеийн өгүүллэгийн төлөв, хандлагын тухай утга зохиол судлаач, доктор С.Амартөвшин  илтгэхдээ, 2000 оноос хойшхи өгүүллэгүүдэд задлан шинжилгээ хийж зөвхөн ганц реалист биш пост модерн хандлага руу зохиолчид орсныг онцлон тэмдэглэв. Ийнхүү өгүүллэг туурвигчдын дунд 21 дүгээр зууны эхэнд чөлөөт сэтгэлгээ, эрэлхийлэл лавшран, шинэ хандлага тогтоон уран сайхны нээлт хийж чадсан хэмээн С.Амартөвшин дүгнэж байна. Хүүхдийн зохиолын эрэл хайгуулын тухайд Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч, доктор Д.Батжаргал "Хүүхдийн уран зохиолд хурц шүүмжлэл хэрэгтэй байна" гэсэн санааг хөндөж ярилаа. Өчигдөр "Алтан өд" шагнал хүртсэн театр судлаач, доктор, дэд профессор Д.Батсайхан "Монголын жүжгийн зохиол шинэ шатанд гарч, төрөл жанр, урсгал чиглэл нь ч олон болж, жүжиг үндсэндээ өөрчлөгдөж байгааг" илтгэлдээ дурдсан юм. Утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Г.Батсуурь Монголын романы алдаа оноог баримттайгаар шүүмжлэв. Дэлхий дахинд романы шинэ чиг хандлага гарч ирсээр байна. Харин монгол зохиолчид тэр шинэ хандлага руу биш уламжлалт хандлага руугаа хэт хошуурч байна. Түүхэн роман бичдэггүй хүн алга. Тэгэхдээ уран сайхны боловсруулалт муу, түүхийн түүхий эдээр додомдсон роман олширч буйг хурцаар шүүмжилсэн түүний үг хурлыг бас "хурцаллаа".

Энэ хуралд шинэ залуу эрдэмтэн судлаач болох Х.Чойдогжамц, Я.Баяраа, Д.Нямдорж нар туужийн бичлэгийн өөрчлөлт, нэн шинэ үеийн яруу найраг, шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн өнөөгийн байдлыг  илтгэв. Дээр Д.Цэнджавын хэлсэнчлэн, уран зохиолын сургамж, алдаа оноог ийнхүү түлхүү ярилцлаа.

Холбоотой мэдээ