Арваад аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-09 18:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-ны зүгээс өнгөрсөн онд хийсэн ажлуудын талаар салбарын сайд Х.Баделхан хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр танилцуулав.

Тус яамнаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бловсруулан УИХ-д өргөн барьж батлуулснаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгаад байгааг онцолж байв.

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, ипотекийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлжээ. Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг 1997 оноос хойш анх удаа буюу 20 жилийн дараа шинэчлэн тогтоож Засгийн газраар батлуулаад байна.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2003 оноос хойш мөн анх удаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын хэмжээнд 1542 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

 Яамны зүгээс олон Засгийн газрыг дамжин яригдаж, шийдлээ хүлээж байсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцож, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг байгууламжыг шинээр барихад бэлэн болоод байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг анх удаа бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

АХБ болон Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 10-аад аймгийн төв болон томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг үргэлжүүлэн хийж байна. Буянт-Ухаа орон сууцны хорооллын бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулав. Монгол, Австри улсын Засгийн газар хоорондох Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Тайшир–Алтай ус хангамж” төслийг эхлүүлээд байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дулаан дамжуулах 8 төвийн ус хангамжийн зангилаа тоноглолыг ашиглалтад оруулаад байгааг танилцуулав.

 

 

Холбоотой мэдээ