Ким-Трампын II уулзалтын өмнөх Кимийн дөрөвдэх айлчлал

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-01-10 13:07:15

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун жил хүрэхгүй хугацаанд БНХАУ-д дөрөвдэх удаагаа айлчиллаа. Зарим хэвлэлүүдэд энэ тухай “нууц айлчлал” гэж бичиж байсан боловч тэрбээр Хятад улсын дарга Ши Жинпиний урилгаар тус улсад 7-10-ны өдрүүдэд айлчилсан гэдгийг Умард Солонгосын хэвлэлүүд болон Хятадын ГХЯ албан ёсоор нотолсон байна.


БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг /КСNA/ мэдээлснийг үзвэл, Бээжинд айлчилсан Ким Жөн Уныг түүний гэргий Ли Соль Жү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Батлан хамгаалахын сайд Но Гван Чол нар дагалдан явжээ. Дашрамд дурдахад, Ким Ён Чол бол АНУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийх асуудлыг хариуцдаг хүн юм. 


Ши Жинпинь, Ким Жөн Ун нарын хэлэлцээний үеэр чухам ямар асуудлуудыг хэлэлцсэн талаарх тодорхой мэдээлэл хэвлэлүүдэд гарсангүй, уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал ч болсонгүй. Гэсэн хэдий ч уулзалтын явцад гурван гол асуудлыг хөндсөн болов уу гэж тоймчид таамаглаж байна. Юуны түрүүнд, Умард Солонгосын удирдагч Бээжинд ирсэн нь Ким-Трампын ээлжит уулзалт удахгүй болно гэсэн таамаглалыг төрүүллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хоёрдахь удаагаа хэлэлцээ хийхийнхээ өмнө Ким Жөн Ун Хятадын талтай байр сууриа зөвшилцөж, Ши Жинпиний дэмжлэгийг авах бодолтой байв. Өмнө нь Сингапурт Трамптай уулзахынхаа өмнө Умард Солонгосын удирдагч Хятадын Далянь хотод ирж, Ши Жинпинтэй уулзаж байсан билээ.


Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэхдээ, ойрын үед хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно гэдгийг үгүйсгээгүй бол Ким Жөн Ун хэлэхдээ, Трамптай хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. Харинн Д.Трамп твиттер хуудсандаа “Ким Жөн Унтай хоёрдахь удаагаа уулзах гэж байгаа” тухайгаа бичсэн байна. Сануулан дурдахад, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сард Сингапурт болох үеэр Умард Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгнө гэж Америкийн тал амлаж байсан билээ.


Ким-Трампын хоёрдахь уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болно гэж Блүүмбэрг агентлаг таамаглаж байгаа бол зарим эх сурвалж Швейцарьт болж магадгүй тухай мэдээлж байгаа юм. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Ханойд уулзаж, дээд хэмжээний уулзалтын товыг хэлэлцсэн тухай дипломат хүрээний зарим эх сурвалжууд ярьсан байна. Өмнөд Солонгосын “Чонан ильбо” сонинд бичсэнийг үзвэл, АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Ламберт өнгөрсөн оны 12 дугаар сард Вьетнамд айлчилсан бол мөн сарын эхээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Ханойд ирсэн ажээ.


Хэлэлцсэн байж болох дараагийн асуудлын тухайд, Ким Жөн Уны хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх, боломжтой бол цуцлуулах талаар Хятадын талаас дэмжлэг хүсэх зорилгоор Бээжинд ирсэн бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах хүртэл хоригийг цуцлах алхам хийхгүй” гэдгээ мэдэгдсээр байгаа билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхтэй АНУ нь Умардын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаа бол тус зөвлөлийн байнгын гишүүн Хятад, Орос хоёр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаагийнх нь төлөө БНАСАУ-ыг урамшуулж, хоригийг зөөлрүүлэх хэрэгтэй гэж уриалж байгаа юм. Харин АНУ хоригийн асуудлаар байр сууриа нэгдмэл байлгахыг бусад орнуудаас шаардаж, ухарч буцаж буй улсуудыг буруушааж, Пхеньянтай хамтран ажиллах гэсэн улс орнуудыг хоёрдогч хоригоор айлган сүрдүүлж магадгүй байна. Гэтэл бодит байдал дээр, хоёр Солонгосын хоорондын харилцаа зөөлөрч, хоригийг цуцлахгүйгээр уг харилцаанд цаашид ахиц дэвшил гарах боломжгүй гэдэг нь тодорхой болжээ.  


Айлчлалын үеэр хэлэлцсэн гуравдахь асуудал нь хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байсан нь тодорхой. Олон улсын хориг арга хэмжээний улмаас хүнд байдалд ороод байгаа БНАСАУ-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа. Ким Жөн Ун хэлэхдээ “жил хүрэхгүй хугацаанд миний бие танай улсад 4 удаагаа айлчиллаа. Хятад улсын нийгэм-эдийн засгийн ололт амжилт болон зорилгодоо хүрэхийн төлөө Хятадын ард түмэн хүчээ үл хайрлан урам зоригтойгоор хөдөлмөрлөж байгаа нь  надад гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Хятадын хөгжлийн туршлага бол маш их үнэ цэнэтэй учраас уг туршлагыг судлахын тулд газар дээр нь дахин дахин ирнэ гэж найдаж байна” гэснийг Синхуа агентлагийн мэдээнд онцолсон байна.


Эдгээр гурван асуудлыг Ким Жөн Ун, Ши Жинпинь нар хэлэлцсэн гэж шинжээчид таамаглаж байгаа бол Умард Солонгосын хөршүүд болох Өмнөд Солонгос болон Япон улс айлчлалын талаар ерөнхийдүү үг хэллэгтэй товч мэдэгдлүүд хийлээ. Японы засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшихида Сүга хэлэхдээ “энэ айлчлалыг бид маш их анхааран ажиглаж байна. Бид мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд Хятадаас ирэх хэвлэлийн бага хурлын мэдээг хүлээж байна” гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч Ким Ён Ком мэдэгдэхдээ “Ким Жөн Уны Хятад улсад хийж буй айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгт энх тайвныг тогтооход эергээр нөлөөлнө хэмээн бид найдаж байна” гэлээ.


Айлчлалын үеэр хэвлэлийнхний анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь, Ши Жинпинь, Ким Жөн Ун нарын албан ёсны хэлэлцээний дараа Хятадын тал БНАСАУ-ын удирдагчид зориулан хүндэтгэлийн зоог барьж, Ким Жөн Уны төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэжээ. 1 дүгээр сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн 35 насны ой тохиосон гэж хэвлэлүүдэд бичиж байгаа боловч үүнийг БНАСАУ-ын тал албан ёсоор нотолсонгүй. Түүний төрсөн өдөр яг хэзээ вэ гэдэг нь маргаантай хэвээр байгаа бөгөөд хэвлэлүүдэд 1982, 1983, 1984 онд төрсөн гэж янз бүрээр бичдэг.


Харин Умард Солонгосын өмнөх удирдагчид болох Ким Ир Сен, Ким Жөн Ил нарын төрсөн өдрийг улс орон даяар баяр болгон тэмдэглэсээр байна. Тодруулбал, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдөр болох 4 дүгээр сарын 15-ныг “Нарны өдөр”, Ким Жөн Илийн төрсөн өдөр болох 2 дугаар сарын 16-ныг “Гэрэлтэгч одны өдөр” хэмээн тэмдэглэдэг билээ.


Б.Адъяахүү

 

 




 

 

Холбоотой мэдээ