Бодибилдинг, фитнесээр хичээллэгчид олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-11 12:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Корпорэйт Конвеншн төвд маргааш буюу энэ сарын 12-нд зохион байгуулах “Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Энэ нь түүхэндээ хамгийн олон тамирчинтай тэмцээн болж буйгаараа онцлог юм байна.


Өнөөдөр 28 дахь удаагийн УАШТ-ийг хамтран зохион байгуулагч “Монголын бодибилдинг фитнесийн холбоо” ТББ болон НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж тэмцээний талаар танилцуулсан юм. Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдсэн бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцох эрх авах юм.


Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор НЗХГ, МБФХ ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд “Монголын Мистер 2019” УАШТ-ийг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд өсвөр үе, залуучуудад нийслэл хот дахь 22 фитнес клубт даваагаас баасан гарагийн 10-17 цагт 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж олгосноор, өдрийн цагаар үйлчлүүлэгсдийн тоо 1500-гаар нэмэгдсэн” гэлээ.

Дашрамд дуулгахад, НЗХГ-аас цаашид Улаанбаатарт хөнгөлөлттэй үнээр үйлчлэх фитнес клубын тоог нэмэгдүүлэх, хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19-21 цагт үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгөх боломжийг бий болгохоор төлөвлөжээ.


Холбоотой мэдээ