Толбо нуурт мөсний сурын цуваа харвааны тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-13 21:27:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сурын холбооноос 2019 оны нээлтийн харваа болох урианхай сурын мөсний сурын цуваа харвааг энэ сарын 11-ний өдөр Толбо нуур дээр зохион байгуулжээ.

Мөн энэ үеэр эмэгтэйчүүд болон хүүхдийн дунд мөсний шагайн харвааны тэмцээнийг давхар явуулжээ. Мөсний сурын харваанд Баян-Өлгий болон Ховд аймгаас нийтдээ 85 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач А.Эрдэнэ-Очир 19 оноогоор тэргүүлжээ. Харин мөн сумын харваачид болох Д.Алтангэрэл /19 оноо/, Д.Эрдэнэ-Очир /19 оноо/, М.Сүхтулга /18 оноо/ нар удаах байруудад тус тус шалгарсан байна.

Ахмадын цуваа харвааны төрлөөр тус аймгийн Өлгий сумын харваач Н.Нацаг, эмэгтэйчүүдийн мөсний харваанд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын харваач С.Алтанзул, хүүхдийн мөсний шагайн харваанд Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч Д.Золбоо нар тус тус аваргалсан байна. 

Холбоотой мэдээ