Гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-15 12:14:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар аймгийн онцгой комисс хуралдлаа. Шуурхай хуралдаанаар энэ сарын 14-нөөс эхлэн Баянхонгор аймагт гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон худалдахыг хориглох шийдвэр гаргалаа.

Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг дөрвөн аж ахуйн нэгж байдаг. Онцгой комиссын шуурхай хуралдаанаар гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж, тогтмол шинжилгээ хяналтанд байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх, зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт тандалтыг нарийвчлан явуулж байхыг үүрэг болгосон юм. Хэдийгээр татан авалтаа хийсэн ч гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалахгүй, аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байхыг мөн анхааруулав.

Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг төдийгүй хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. 

Холбоотой мэдээ