Хилийн зурвас бүсэд 110 өрхийн 28 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-14 20:18:10

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн 2018-2019 оны мал аж ахуйн өвөлжилтийн мэдээллийг аймгийн ХХААГ-аас сэтгүүлчдэд өглөө. Энэ жил аймгийн хэмжээгээр 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж, хаваржиж байна.

Харин нийт дөрвөн аймгийн 13 сумын нутагт 94 өрхийн 75.8 мянган мал отроор  өвөлжиж байна. Тухайлбал Их-уул сумаас Архангай, Хөвсгөл, Баянхонгор Хэнтий аймагт 73 өрхийн 62.1 мянган мал, Тосонцэнгэл сумаас Хөвсгөл, Архангай аймагт 12 өрхийн 3.9 мянган мал отроор өвөлжиж байна. Мөн Отгон сумаас Архангай, Баянхонгор аймагт найман өрхийн 9.4 мянган мал тус тус отроор өвөлжиж байна. Аймаг дундын отрын бүс нутагт Завханмандал сумаас 4.3 мянган мал, Ургамал сумаас 2.7 мянган мал, Эрдэнэхайрхан сумаас  3.0 мянган мал гэхчлэн нийт таван сумын 18 өрхийн 16.2 мянган мал отроор өвөлжиж байна. Хилийн зурвас бүсэд 110 өрхийн 28.3 мянган толгой мал өвөлжиж байна.

Аймгийн нэр бүхий гурван сум өвс тэжээлийн

нөөцөө бүрэн хангажээ

Монгол Улсын Засгийн газрын 218 дугаар тогтоолоор өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд Завхан аймаг 200 тн өвс, 100 тн тэжээл, сумдууд 1200 тн өвс, 1200 тн тэжээл бэлтгэх  даалгавартай.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн аюулгүйн нөөцөд өвс 144 тн, тэжээл 90 тн бэлтгэж өвс тэжээлийн нөөц 81 хувьтай байна. Харин аймгийн 24 сумаас 22 сум аюулгүйн нөөцөд өвс-807.5 тн, тэжээл-330 тонныг бэлтгэжээ. Үүнээс Асгат, Дөрвөлжин,Завханмандал сум аюулгүй нөөцийн өвс тэжээлээ 100 хувь бэлтгэсэн байна. Малчид мал бүхий иргэд өвс 15.4 мян. тонн, гар тэжээл 325.4 тонныг, ногоон тэжээл 1941.2  тонныг бэлтгэж нөөцлөх өвс тэжээлийн  83.5 хувийг бэлтгэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 50.0 сая төгрөг  өвс, тэжээл бэлтгэх, худаг уст цэг засварлахад зарцуулжээ. Харин улсын төсвийн 95.0 сая төгрөгийн хөрөнгөөр  инженерийн хийцтэй таван худгийг Дөрвөлжин, Баянтэс, Асгат зэрэг таван суманд гаргаж хүлээлгэн өгчээ.

Малын хашаа хорооны хангамж 90 гаруй

хувьтай байна гэв

Завхан аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлчээр хамгаалах чиглэлээр улсын төсвийн 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг 10 суманд зохиох байгуулжээ

Мөн аймаг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөгийг гаргаж аймгийн нөөцөд өвс тэжээлийг бэлтгэсэн байна. Аймгийн хэмжээгээр 43 мянга орчим бог малын, 2.7 мянган бод малын хашаа хороо, өтөг бууцыг малчидтай хамтран засварлах, дулаалах ажлыг хийжээ. Энэ онд бог малын 34, бод малын 38 хашааг шинээр барьснаар  малын хашаа хорооны  хүрэлцээ хангамж аймгийн хэмжээнд 92.3 хувьтай байна. Аймгийн хэмжээгээр сумдаас ирүүлсэн мэдээллээр 9 мянган малчин өрх мал сүргийнхээ 80.6 хувийг дундаас дээш тарга хүч авхуулжээ.  Малчдын өвс, тэжээлийн татан авалт 69 хувь, хашаа саравчны засвар, тохижуулалт, дулаалалт, хоол хүнс, дулаан хувцас хангалт 95 хувьтай, 93 хувь нь түлшээ бүрэн базаасан тухай мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.

Дотоод гадаад зах зээлд мах бэлтгэн нийлүүлж байна

Энэ жил Завхан аймагт мал мах бэлтгэлийн ажил эрчимтэй хийгдэж Завхан хүнс, Тэс Шим ХХК, ЭДГС ХХК, Мах маркет ХХК-ууд малчдаас мах бэлтгэлийн ажлыг хийжээ. Тухайлбал Улиастай сум дахь Завхан хүнс трейд ХХК нь  дотоодод 1000 толгой буюу 150 тн адууны мах, 12000 толгой бог буюу 240 тн хонины мах бэлтгэн нийлүүлсэн байна. Харин Тэс сумын төвд байрлалтай “Тэс Шим” ХХК  2018 оны долдугаар сараас 12 сар хүртэл нийт  10600 толгой адуу буюу 1700 тн адууны мах  бэлтгэж  БНХАУ-д экспортолжээ.  Дотоодын зах зээлд 640 толгой бог  буюу 13.7 тн  хонь, ямааны мах бэлтгэлээ. Тэс сумын Арц суурь хилийн боомт дахь “ЭДГС” ХХК нь ОХУ- руу 1000 толгой хонь буюу 20 тн хонины мах экспортлохоор бэлтгээд байгаа.  Дотоод зах зээлд 40 бод буюу зургаан  тн үхрийн мах бэлтгэсэн. Тосонцэнгэл сум дахь  Завхан Мах маркет ХХК нь 430 толгой адуу буюу 60 тн мах бэлтгэн БНХАУ-д тус тус экспортолсон байна хэмээн аймгийн ХХААГ-аас тус тус мэдээлэв.

Холбоотой мэдээ