Улаанбаатараас ирсэн хүүхдүүдэд зориулж цасны баяр зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-15 11:46:58

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон Увс аймаг хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани “Цэвэр агаар-эрүүл мэнд” аян хэрэгжүүлж, энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 3, 5, 11, 28-р хороонд амьдардаг Увс аймгийн гаралтай 45 хүүхдийг аав, ээж, асран хамгаалагчдынх нь хамт үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хотоос энэ сарын 4-нд авчирсан юм. Тэгвэл аймгийн Улаан загалмайн хорооноос эвэр агаар-эрүүл мэнд" аяны хүрээнд Улаанбаатар хотоос ирсэн хүүхэд багачууд болон Өсвөрийн Улаан Загалмайн гишүүн сурагчдыг хамруулан цасны баярыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ.

Энэ үеэр хүүхэд багачуудын дунд буухиа, олс таталт, хөлбөмбөгийн тэмцээн, хөгжөөнт тоглоомууд явуулсан байна. Цасны баярыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач тусыг таниулсан, үеийн хүүхдүүд найзалж нөхөрлөх боломж олгосон сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь эдгээр хүүхдүүдийг хичээл сургууль эхлэхээс өмнө  Улаанбаатар хот руу буцаагаад үнэ төлбөргүй хүргэж өгөх ажээ.

 

Холбоотой мэдээ