Архангайд хавдар судлалын эмч нар ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-15 11:13:12

Архангай /МОНЦАМЭ/. “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Архангай” дэд хөтөлбөрийн хүрээнд Булган, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Тариат, Жаргалант, Ихтамир сумдад Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ажиллаж, нийт 1700 орчим иргэнд хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн байна. Үзлэгийн үеэр хавдар, хавдрын урьтал өвчин 16 оношлогджээ. Үүний хоёр хүнд мэс заслын эмчилгээ хийсэн байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвд Г.Тэмүүлэн гишүүний санхүүжилтээр дөрвөн хүнд эсийн шинжилгээг хийж, холбогдох арга хэмжээг авчээ.


Жаргалант сумын тухайд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаанд хамрагдсан эрсдэл бүхий 100 гаруй иргэнд ЭХО үзлэг хийж, биохимийн иж бүрэн шинжилгээнд хамруулжээ. Үзлэгт нийт 156 хүн хамрагдсанаас, 48 хүн эмэгтэйчүүдийн хавдар илрүүлэх үзлэгт, 88 хүн хэвлийн ЭХО шинжилгээнд орсон байна. Дээрх үзлэгт хамрагдсан иргэдээс хоёр иргэн элэгний хорт хавдартай нь илэрчээ.


Мөн хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, хавдрын өвчлөлөөр нас баралтыг бууруулах, эрүүл мэнд, ахуй хэрэглээний боловсрол олгох зөвлөмжийг өгч, зарим иргэнд эм бэлдмэлээр үйлчилсэн байна.

Холбоотой мэдээ