АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-16 14:19:22

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-БНСУ-ын команд-штабын "Key Resolve" /“Үндсэн шийдвэр”/ сургуулилт гуравдугаар сарын 4-нд эхэлж, ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжилнэ. Энэ тухай телевизийн KBS суваг БНСУ-ын Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сувгийн мэдээлснээр, талууд одоогийн байдлаар удахгүй хийх сургуулилтын сүүлийн хэсгийн маневрыг хэлэлцэж байна. Үүнээс гадна, "Key Resolve" нэр нь өдөөн хатгасан утгатай гэж үздэг БНАСАУ-ын эрх баригчдын шүүмжлэлд өртөхөөс зайлсхийхийн тулд сургуулилтын нэрийг "19-1" болгож өөрчлөх боломжийг судалж байгаа аж. Мөн наймдугаар сард хийхээр төлөвлөсөн "Freedom Guardian" хамтарсан /"Эрх чөлөөг хамгаалагч"/сургуулилтын нэрийг "19-2" болгон өөрчилж магадгүй байна.


АНУ-БНСУ-ын команд-штабын сургуулилтыг хагас жилийн эхний болон хоёрдугаар хагаст жилд хоёр удаа хийхээр болсон тухай БНСУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлжээ.


"Key Resolve" сургуулилтыг урьд нь хоёр орны цэрэг болон байлдааны техникийг оролцуулан хээрийн сургуулилтын хувиар хийдэг байв. Гэвч АНУ-ын эрх баригчид Пхеньянтай хийж буй хэлэлцээнд дэмжлэг үзүүлж, АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад таатай уур амьсгал бүрдүүлэх зорилгоор уг сургуулилтад цэргээ оролцуулахгүй гэдгээ 2018 оны дунд үед мэдэгдсэн юм.


 

Холбоотой мэдээ