“Нарантуяа сан”-аас англи хэлний олимпиадыг жил бүр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-17 13:04:00

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлснээр“Тогтвортой хөгжил-2030”, “Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн салбарыг 2017-2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Сайн багш” дэд хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нарантуяа” сангийн тэргүүн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Улсын тэргүүний Шинэ үе сургуулийн захирал Ү.Маам, Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Ганчимэг нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил боловсрол, заах арга зүй, чадвар чадавхи ба сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн 12 зорилтын хүрээнд үйл ажиллагааг  аймгийн Боловсрол Соёлын газар, Шинэ үе сургууль хамтран УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгээр зохион явуулах юм байна. Тухайлбал багш нарын шинжлэх ухааны суурь болон онолын мэдлэгийг дээшлүүлэх, даалгавар боловсруулах блюпринтийн арга зүйд суралцуулах, багшийн тухайн судлагдахууны стандарын хангалт, гүнзгийрүүлсэн болон олимпиадын даалгаврын гүйцэтгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшсэн чадварыг хөгжүүлэх, багшийг судалгааны арга зүйд суралцуулах, илтгэл бичих, судалгааны бүтээл гаргахад бүх талын дэмжлэг үзүүлж, ном товхимол хэвлүүлэх ажлыг дэмжих, эрдэм шинжилгээ-онол практикийн хурал зохион байгуулах юм. Түүнчлэн заах арга зүйг дэмжин, Завхан аймгаас үндэсний сургагч багш төрүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, ном, номын сангийн ашиглалтыг сайжруулах, номын санчдыг сурган дадлагажуулах ажлыг дэмжиж хамтран ажиллах юм байна. Мөн Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Хүүхдийн авъяас чадварын Их наадам”-ыг жил бүр зохион байгуулахаар болжээ.

Орон нутгийн суралцагсдад тэгш боломж олгох, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Алдархаан сумд математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн хэвшлийн дунд сургууль байгуулахад хамтран ажиллах, улмаар англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалтуудыг амжилттай өгч тэтгэлэгт хамрагдах оюутан суралцагсдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Нарантуяа” сангийн нэрэмжит англи хэлний олимпиадыг жил бүр зохион явуулахаар болсон тухайгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа ёслолын үеэр дуулгав.  “Нарантуяа” сангийн нэрэмжит англи хэлний олимпиад нь ирэх хоёрдугаар сард Завхан аймгийн ерөнхий боловсролын суралцагсдын дунд зохион байгуулагдах бөгөөд ангийн болон хувийн үзүүлэлтээр шалгаруулах аж.

Харин Завхан аймгаас улсын болон олон улсын олимпиад, уралдаан тэмцээний шагналтнуудыг төрүүлэх зорилгоор гоц авъяастай, оюуны өндөр чадамжтай суралцагсдыг сонгон шалгаруулж, “Шинэ үе” сургууль дээр сургалтын хөнгөлөлттэй төлбөртэйгээр давтан бэлтгэх боломж бий гэдгийг Шинэ үе сургуулийн захирал Ү.Маам дуулгалаа.

Ирээдүйтэй багш нарт хамтран ажиллах урилгыг гардуулан өгчээ

“Багшийн сэтгэл хүүхдэд-5” Шинэ үе сургуулийн багш нарын сургалт болсон төдийгүй  багш нарын дунд спортын нөхөрсөг тэмцээн болжээ. Энэ тэмцээнд эмэгтэй, эрэгтэй нийт найман баг оролцож өрсөлдсөн байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Завхан аймгийн “Сайн багш” дэд хөтөлбөр, “Багшийн сэтгэл хүүхдэд-5” арга хэмжээ, спортын нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцсон багш нарыг шагнаж урамшуулжээ. Мөн Завхан аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш нарыг олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улсын тэргүүний Шинэ үе сургуульд хүрэлцэн ирж туршлага судалж хамтран ажиллахыг урьсан итгэл даах ирээдүйтэй багш хэмээх урилгыг 20 багшид гардуулан өгчээ. Эдгээр багш нь Шинэ үе сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сургуульд очиж туршлага судлан заах арга зүйн шинэ, ололт амжилтаас суралцах ажээ.

Мөн Алдархаан сумын оюутан сурагчдын дунд спортын тэмцээн болж "Нарантуяа сан"-гаас ивээн тэтгэжээ. Тус тэмцээнд дөрвөн сумын 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцсон тухай аймгийн БСУГ-аас мэдээлэв.

УИХ-ын гишүүн малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо

Цагаанхайрхан сумд жил бүр уламжлал болон зохиогддог төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт энэ жил малчдын чуулган болж өргөжиж, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгээр амжилттай зохион байгуулжээ.

Малчдын зөвлөлгөөнд 300 гаруй малчин оролцож хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдаж буй асуудлаа ярилцаж шинэ залуу малчдад зөвлөгөө өгөх, тэднийг дагалдуулан малчнаар авах, малын гаралтай түүхий эдийн үнэ, сүү цагаан идээний борлуулалтыг нэмэгдүүлэх, сүүлийн жилүүдэд зарим малчин эмэгтэйчүүд сааль сүүгээ борлуулахгүй байгаа хэмээн шүүмжлэл, магтаал, ололт амжилтаа хэлэлцжээ. Түүнчлэн малын бэлчээр, усны хангалт, бусад аймаг сумын малчдаас туршлага судлуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хэрхэн яаж анхаарч малчидтай хамтарч ажиллах, улс төрийн нөхцөл байдал ямархуу түвшинд байгаа, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил, малчны тэтгэвэр, малчны оюутан сурагчдыг хэрхэн дэмжих гэхчлэн асуултуудыг УИХ-ын гишүүн болон сум, аймгийн удирдлагуудад тавьж тодорхой хариултыг авлаа. Малчдын зөвлөгөөний үеэр мэргэжлийн уран сайханчдын тоглолт биш харин тус сумын Цэцэрлэг багийн иргэн н.Банзрагчийн үр хүүхдүүд ач зээ нарын хамтарсан урлагийн тоглолт үзүүлсэн нь малчдын сэтгэлийг хөдөлгөсөн бас нэгэн үзүүлбэр болж чадав.

Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-ээс эхлэн тойргийнхоо сумдын малчид иргэдтэй уулзаж 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, төрөөс баримталж буй бодлого чиглэл, 2019 оны төсөв, бүтээн байгуулалт болоод хийж хэрэгжүүлж буй ажлуудаа тайлагнах гэж байна хэмээн УИХ-ын гишүүний Завхан дахь ажлын албанаас мэдээлэл өглөө.  

 

Холбоотой мэдээ