Нийслэлийн эмнэлгүүд түргэн тусламжийн шинэ автомашинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-18 13:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар дахь эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 байгууллагад түргэн тусламжийн 10 автомашиныг өнөөдөр хүлээлгэж өглөө. Төслийг Монгол Улсын ЭМЯ, Япон Улсын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Эмнэлгийн зориулалттай, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурвыг хүлээлгэн өгч байна.


Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.


Амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар автомашиныг иж бүрэн тоноглосон  нь нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирч байгааг, тэр дундаа алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд түргэн тусламжийг хугацаа алдалгүй хүргэхэд их ач тустай гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлов.

Д.Сүхбаатарын талбайд болсон автомашин хүлээлгэн өгөх ёслолд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Монгол Улс дахь Япон улсын ЭСЯ-ны зөвлөх Хаяаши Шиничиро болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ