Хугацаа нь дууссан 35 нэр төрлийн барааг устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 13:12:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 09-нөөс хүнсний чанар, стандартад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Шалгалтаар хадгалах хугацаа нь дууссан зөрчилтэй, 35 нэр төрлийн, нэг сая гаруй төгрөгийн барааг илрүүлж, устгалын комисст шилжүүлжээ.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, “ Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтад 158 ААН,  950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.

Шалгалтын явцад илрүүлсэн 518 зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуупж, улсын ахлах байцаагчийн 48 заалт бүхий 8 хугацаатай албан шаардлага өгсөн. Мөн 71 ААН, иргэнд зөрчлийн хэрэг нээв. Үүнээс 61 зөрчлийг хялбаршуулсан журмаар, 10-ыг нь зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. Нийт 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

Тодруулбал, Эгүшин ХХК-ийн хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах, Хархорин худалдааны төв, Барс 2, Шилэн зах, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаж байсан хадгалах горим алдсан, хадгалах хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг, нэг сая 138 мянган төгрөгийн үнэтэй барааг хураан авч устгалын комисст шилжүүлсэн. Хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэг  нэг сая 707 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрт нь буцаалаа.

Түүнчлэн Уран урт ХХК-ийн “Тэнгэрийн хур газрын ааг“ нэртэй цай, Делта фүүд ХХК-ийн цагаан будааг импортлогч, үйлдвэрлэгчдэд нь буцаав. Мон давс ХХК-ийн БНХАУ-аас импортлосон 500 гp-ийн савлагаатай, хадгалах хугацаа дууссан 1000 ширхэг иоджуулсан давсыг битүүмжилж зөрчлийн хэрэг нээсэн” гэлээ. 

Тус хяналт шалгалтын хүрээнд 19 ААН-ийн мах, махан бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, жүүс, гурилан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо зэрэг нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнээс стандартын дагуу 124 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулжээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй аж.

Тусгаар тогтнолын талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн 6 сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа 53 иргэний сүү, цагаан идээнээс 53 дээж авч гурван үзүүлэлтээр НМХГ-ын явуулын лабораторит шинжлэхэд стандарт шаардлага хангаж байгааг онцлов.

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан, иргэдийг хаана, хэзээ, ямар орчинд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бууз, банш, бөөрөнхий мах, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ