Цагаан сар нэгдсэн арга хэмжээ баярын өдрүүдийг дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 15:27:25

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 24 сумын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг эрчимжүүлэн тогтмол хийж хэсгийн байцаагч, багийн цагдаа, эргүүлийн цагдаа нар байнгын постонд үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч нар объект, субъектын судалгааг шинэчлэн гаргаж, сургалт мэдээлэл хийж хөл хөдөлгөөн ихтэй газруудад сэрэмжлүүлэг байрлуулан хулгайн гэмт хэрэг, цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. 

Мөн зам тээврийн аюул ослоос урдчилан сэргийлэх, хулгайн тээвэр, гарал үүслийн гэрчилгээгүй мал махан бүтээгдэхүүний хяналт шалгалтыг эрчимжүүлжээ. Тухайлбал Сонгино сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүл хяналт шалгалтыг хийж, тус сумыг дайран өнгөрсөн 78 автомашин болон хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хяналт шалгалтыг хийжээ. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч та хүний дайвар авахдаа сайн үзэж шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь хот хоорондын автобусанд малын мах дайж өгөх явдал байнга гардаг ажээ. Мөн сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байцаагчтай хамтарсан эргүүл шалгалтыг согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжид хийжээ. Шалгалтаар хугацаа дууссан согтууруулах ундаагаар үйлчилж байсан долоон аж ахунй нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээг авч архи согтууруулах ундааг хураан авч Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болжээ. Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 87 дэлгүүр, бөөний төвүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Улиастай сумын Засаг даргын тамгын газар, багийн Засаг дарга нартай хамтарсан гурван ажлын хэсэг байгуулж нэгдсэн үзлэг, шалгалтыг хийжээ. Энэ үеэр зарим дэлгүүр хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байжээ. Мөн архи согтууруулах ундааг насанд хүрээгүй хүүхдүүдэд зарж борлуулсан зөрчлийг гаргасан байв. Харин "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Их-Уул сум дахь хэсгийн тѳлѳѳлѳгч, цагдаа нар тѳв зам дагуу замын хяналт шалгалтаар гарч жолооч нарт санамж бичиг тараан ѳгч замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдлын талаар яриа таниулга хийжээ. Мөн ахуйн хүрээнд архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр уриалга гарган ажиллаж тусгай дугаарын утсаар сумынхаа Баян-Ухаа, Үржил, Хуягт, Хонгор, Цэцүүх, Зарт зэрэг зургаан багийн 536 иргэнд гэмт хэрэг, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх чиглэлээр мессеж илгээн ажиллажээ. Цагаан сар нэгдсэн арга хэмжээ цаашид цагаан сарын арга хэмжээ дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд баярын үеэр цагдаагийн газрын алба хаагчид илүү цагаар ажиллах юм байна.

Холбоотой мэдээ