ОХУ-тай хийх хэлэлцээ амжилттай болно гэдэгт япончуудын дийлэнх нь итгэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-22 11:21:56

ТОКИО. /TASS/. ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хийж буй хэлэлцээ амжилттай болно гэдэгт япончуудын дийлэнх олонх нь буюу 72 хувь нь итгэхгүй байгааг тус улсын хувийн томоохон телевиз болох “Fuji TV” болон “Sankei Shimbun” сониноос олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Харин “Asahi Shimbun” сониноос явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 38 хувь нь Шикотан болон уг аралтай зэргэлдээ оршдог япончуудын Хабомаи гэж нэрлэн, нэг арал гэж үздэг хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Токиод шилжүүлэн өгнө гэж тусгасан тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин Курилийн өмнөд хэсгийн хамгийн том бөгөөд хүн оршин суудаг Кунашир, Итуруп арлуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд хэвээр үлдээж, аж ахуйн үйл ажиллагааг хамтран эрхлэх ёстой гэж үзэж байгаа аж.


Үүний сацуу, санал асуулгад оролцогчдын 40 хувь нь энэ хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд Токио бүлэг арлуудыг бүгдийг нь эзэмшилдээ авахыг шаардах ёстой гэж шахаж шаарджээ. “Asahi Shimbun”-ий судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-тай хийж буй хэлэлцээ амжилттай болно хэмээн найдаж байна.


Санал асуулгуудыг Япон даяар санамсаргүй сонголт хийх замаар гар утас болон суурин утсаар нэгдүгээр сарын 19-20-ны хооронд явуулжээ. “Fuji TV” болон  “Sankei Shimbun”-ий санал асуулгад 1000 орчим хүн оролцсон бол "Asahi Shimbun” бараг 1900 хүний дунд явуулсан байна.


Японы Ерөнхий Шинзо Абэ ОХУ-ын нийслэл Москва хотод даваа гарагт хүрэлцэн очсон юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай мягмар гарагт хэлэлцээ хийх төлөвтэй байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Шикотан болон уг аралтай зэргэлдээ оршдог жижиг арлуудыг Токиод шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахад бэлэн байна. Итуруп, Кунашир арлуудын талаар тавих шаардлагыг Токио бодит бус гэж үзэж байгаа тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ. 


Холбоотой мэдээ