Цээжний хөндийн гэмтлийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-28 11:32:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн эмч нар “Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын аргыг нэвтрүүллээ. Тодруулбал, тус төвийн Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос цээжний хэнхэрцгийн тогтворгүйтлийг бэхлэх шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлж буй юм. Мөн эмч, сувилагч нарын багийг сурган дадлагажуулж байгаа юм.

Энэхүү мэс заслын давуу тал нь: 
-Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ.
-Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж амьдралын чанарыг сайжруулна.
-Өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног багасч амьдралын чанар сайжирч эдийн засгийн хувьд улс орон болон хувь хүнд өндөр үр дүнтэй.
-Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдлаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг аж.

Мэс засал хийсэн багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.Гантулга, зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир, тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан, ахлах зэргийн эмч Ц.Батбаяр, эмч З.Энхмандах, Х.Батдэлгэрэх нар ажиллажээ.

Дашрамд дурдахад, тус төвийн эмч нар энэ оны эхээр “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүлсэн билээ.

 

Холбоотой мэдээ