Канадын фермд монголчууд ажиллах боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-28 14:18:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсад ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 25-нд Канадын Нийтийн албаны зөвлөлийн Ерөнхийлөгч Патрик Борбей, Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрел, Канадын Парламентын гишүүн Брад Трост нартай тус тус уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрелтой хийсэн уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож ойрын жилүүдэд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор санал нэгдэв. Канадын баруун бүсийн нутаг, ялангуяа, Алберта мужийн фермүүдэд ажиллах хүчин дутагдаж буйтай уялдуулан Канадын Түр ажиллах хүчний хөтөлбөрт монголчуудыг хамруулах талаар судлахаар болов. Төрийн нарийн бичгийн дарга Туслах дэд сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсанд талархан хүлээж авав.

Канадын Парламентын гишүүн Брад Тросттой хийсэн уулзалтаар хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож элэгсэг дотно ярилцав. Хоёр орны парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буйд баяртай байгаагаа хоёр тал харилцан илэрхийлж, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсад “Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл 2018 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн, мөн тус төслийн шугамаар Канадын Нийтийн албаны зөвлөлөөс Оттава хотноо сургалт зохион байгуулсанд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Патрик Борбейд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад Төрийн албаны шинэчилсэн хуулийг 2019 оны энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснийг мэдээлж тус хуулийг боловсруулахад Канадын талын зөвлөгөө, дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдлаа. Цаашид Монгол Улсын Төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд Канадын Нийтийн албаны зөвлөлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн захидлыг Ерөнхийлөгч Патрик Борбейд гардуулав.

Холбоотой мэдээ